Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжил, түүнд гарч буй өөрчлөлтүүд болон энэхүү хөгжлийг урт хугацаанд тогтвортой хадгалах, цаашид тэлэх зорилтыг хангахад үндэсний хөрөнгийн зах зээл, түүний дэд бүтцийг олон улсын түвшинд хүргэх нэн тэргүүний шаардлага тулгараад байсан билээ.
Үүний дагуу Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй стратеги хамтын ажиллагааны “Ажлын мастер гэрээ” байгуулж, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажлын хүрээнд олон улсын жишигт хүрсэн зах зээлийн дэд бүтцийг бий болгон бүрэн шинэчилж, төлбөр тооцооны Т+3 горимыг нэвтрүүлсэн зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн, зах зээлд мөрдөгдөж буй дүрэм журмуудыг шинэчлэн баталж үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” нь олон улсын жишгийн дагуу ажиллахад шаардлагатай зохицуулалтууд тусгагдаагүй, шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байсан тул шинэчлэн найруулах шаардлагатай байсан нь өмнө нь эхлүүлсэн байсан “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийг олон улсын сайн туршлагад тулгуурлан шинэчилсэн найруулгыг боловсруулах ажилтай давхацсан юм.
Хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажлыг үр дүнтэй болгох, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах, орчин үеийн санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгох, бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх цаашлаад дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр үнэт цаасыг давхар бүртгэх ажлыг зохион байгуулах чиглэлээр УИХ, Засгийн газрын зүгээс бодлогын түвшинд хэлэлцэж ирсэн нь ийнхүү биеллээ олох боломж бүрдээд байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зах зээлд бий болж буй боломжуудаас дурьдвал:
- Гадаадын томоохон бирж дээр үнэт цаас гаргасан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд дотоодын зах зээл дээр үнэт цаасаа гаргах “давхар бүртгэл”-ийн зохицуулалт орсон нь дотоодын зах зээлийн хөрвөх чадвар сайжрах, олон нийт тэдгээр компаниудын үнэт цаасыг эзэмшиж түүнээс ашиг хүртэх боломж нээгдэнэ. Түүнчлэн, олон улсын биржүүдтэй давхар бүртгэлийн асуудлыг нарийвчлан зохицуулсан нь дотоодын компаниуд олон улсын зах зээлд хувьцаа, хадгаламжийн бичгийг гаргах боломжийг нээж байгаа юм.
- Суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг болон бусад төрлийн үүсмэл үнэт цаас гаргахтай холбогдсон харилцааг нарийвчлан тодорхойлсон нь зах зээл дээр арилжигдаж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад олон төрлийн сонголтыг санал болгох боломжийг олгохын сацуу зах зээлийг тэлэх, улмаар олон улсын жишгийн дагуу ажиллахад ойртуулна. Суурь үнэт цаасыг хадгалах үнэт цаасны хадгаламж /кастодиан/-ийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын талаар заалтууд орсон нь кастодианы үйл ажиллагааг нэвтрүүлэх боломжийг мөн нээж байна.
- Олон улсын жишгийн дагуу үнэт цаасны номиналь эзэмшигч болон бенефициар өмчлөгчийн тухай нарийвчилсан заалт оруулсан. “Номиналь эзэмшигч” гэж үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд хадгалагчаар бүртгэгдсэн, тухайн үнэт цаасны өмчлөгч /бенефициар өмчлөгч/ бус зохицуулалттай этгээдийг хэлдэг бол “бенефициар өмчлөгч” гэж хуульд заасны дагуу номиналь эзэмшигчийн нэр дээр өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлсэн, тухайн үнэт цааснаас үүсэх үр шимийг хүртэх эрхтэй жинхэнэ өмчлөгчийг хэлнэ. Ийнхүү, номиналь болон бенефициар өмчлөлийг тусгасан нь гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчид зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
- Компаниуд хувьцаагаа олон нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд гаргах тогтолцоог олон улсын жишигт хүргэж уян хатан, богино хугацаанд шийдвэрлэх, бүртгэлтэй хувьцаат компаниудын үүргийг нарийвчлан зохицуулсан бөгөөд үйл ажиллагааны тунгалаг зарчимд шилжих, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх зохицуулалтууд орсон.
- Үнэт цаасны төлбөр тооцооны дараа төлбөрт горимд шилжиж байгаатай холбогдуулан түүний нарийвчилсан зохицуулалтыг нэвтрүүлсэн. Зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн ажиллагааны хүрээнд үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны урьдчилсан системийг олон улсын жишгийн дагуу дараа төлбөрт системд шилжүүлэх ажил 2012 онд хийгдсэн. Төлбөр тооцооны дараа төлбөрт систем гэдэг нь арилжаанд оролцогчид үнэт цаас худалдан авсан өдрөөс хойш арилжааны төлбөр тооцоог тодорхой хугацаанд багтаан хийх боломж олгож, үнэт цаас эзэмших эрхийг төлбөр бүрэн төлөгдсөний дараа шилжүүлэх үндсэн зарчим бүхий дараа төлбөрт систем юм. Энэхүү горим нь гадаад, дотоодын хөрөнгийн урсгалыг татах таатай нөхцөл бүрдүүлэх, үнэт цаас худалдан авах ажиллагааны хүндрэл, чирэгдлийг арилгах, үргүй зардлыг багасгах зэрэг олон давуу талтай.
- Манай улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа нь үндэстэн дамнасан шинжтэй болж байгаагийн хирээр уг зах зээлийн зохицуулагч байгууллага гадаад улсын ижил төрлийн зохицуулагч байгууллага болон үнэт цаасны хорооны олон улсын байгууллага /IOSCO/-тай мэдээлэл солилцох, тодорхой мэдээллээр хангах зэргээр хамтран ажиллах зохицуулалтууд орж буй юм. Түүнчлэн, олон улсын стандартад нийцүүлэн гаргасан энэхүү хууль нь манай хууль эрх зүйн орчинг олон улсад хүлээн зөвшөөрөх томоохон алхам болсон юм. Өмнө нь дотоодын компаниуд гадаад зах зээл дээр бүртгэгдэхэд манай хууль эрх зүйн орчин олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан тул тэдгээр компаниуд гадаадад хуулийн этгээд байгуулах замаар олон улсын зах зээлд гарч байсан бол өнөөдрийн энэхүү хуулиар тэр боломж нээгдэж байгааг дуулгахад таатай байна.
- Үнэт цаасыг санал болгоход тавигдах шаардлага, үнэт цаасны танилцуулгад тусгах мэдээлэл, түүнээс үүдэх эрсдэлийг бууруулах мөн хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар заалтууд орсон. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн хөгжил болон зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн чанарыг сайжруулах, мэдээллийг нээлттэй, тэгш хүртээмжтэй түгээх түүнтэй холбоотой оролцогч талууд болон эрх бүхий этгээдийн мэдээлэх үүрэг, хариуцлагыг хуульчилж өгснөөр олон нийтийг үнэн, зөв бодит мэдээллээр хангах нөхцлүүдийг бүрдүүлж өгсөн.
- Үнэт цаасны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад олон улсын нийтлэг жишгийн дагуу үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн бодлого, стандартаар хангах, тэдгээрийн ёс зүйн хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиг үүргийг өөрийгөө зохицуулах байгууллага гүйцэтгэдэг байхаар зохицуулсан нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах ажиллагааг илүү үр дүнтэй болгох боломжтой бүрдүүлж байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг үндсэн сууриа болгон ажиллаж, тус хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг гол байгууллагын хувьд Монголын хөрөнгийн биржийн зүгээс хуулийн төслийг боловсруулах ажилд чухал үүрэгтэйгээр оролцсон бөгөөд томоохон хэмжээний бодлогын шинжтэй зөвлөгөө, саналыг өгч ажилласан болно.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үүсч хөгжөөд 22 жилийн түүхийн хуудсыг бичиж байна. Энэ хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, иргэн бүрийг хувийн өмчтэй болгох, зах зээлд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах талаар анхаарч ирсэн бөгөөд цаашид улам боловсронгуй болгож хөрөнгө оруулагчид болон зах зээлд оролцогчдод хамгийн ойр байхыг хичээж ажиллах болно.
Мэдээллийн алба
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК