Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авсан юм.
Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2025.09.10) Хонг Конг дахь Ази тивийн Үнэт цаасны салбар болон Санхүүгийн холбооны Гүйцэтгэх захирал Петер Штайн (Peter Stein), Удирдах захирал, Хувьцааны хэлтсийн дарга Линдон Чао (Lyndon Chao), ХБНГУ-ын Үнэт цаасны компаниудын холбоо/Үнэт цаасны холбоодын олон улсын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Майкл Штерценбах (Michael Sterzenbach), Их Британийн Үнэт цаасны холбоодын олон улсын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Петер Айзенхардт (Peter Eisenhardt), Хонг Конгийн Олон улсын Хөрөнгийн зах зээлийн холбооны Удирдах захирал, Ази-Номхон далайн бүсийн Ерөнхий төлөөлөгч Муштак Капаси (Mushtaq Kapasi), Японы Үнэт цаасны дилерүүдийн холбооны Дарга, Гүйцэтгэх захирал Такаши Хибино (Takashi Hibino), БНСУ-ын Санхүү хөрөнгө оруулалтын холбооны Дарга, Гүйцэтгэх захирал Ю Сок Со (Yoo Seok Seo), Энэтхэгийн Үндэсний Биржүүдийн Холбооны (ANMI) Өмнөх Ерөнхийлөгч Нареш Чанд Махешвари (Naresh Chand Maheshwari), Үндэсний Ерөнхийлөгч Суреш Кришнамурти (Suresh Krishnamurthy), Бомбэйн Биржийн Дилерүүдийн Форум (BBF)-ын Дарга Ануп Гупта (Anup Gupta), Филиппиний Үнэт Цаасны Дилерүүдийн Холбоо (PASBDI)-ны Дарга Вивиан Юченгко (Vivian Yuchengco) тэргүүтэй төлөөлөгчид "Монголын хөрөнгийн бирж" ХК-д зочиллоо.
Зочдыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хүлээн авч уулзсан. Тэрээр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ:
“Азийн үнэт цаасны форум /ASF/-ын 30 дахь ерөнхий чуулганд оролцохоор Монгол Улсыг зорин ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлж, 34 жилийн түүхтэй Монголын хөрөнгийн биржид тавтай морилохыг урьж байна.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) “Азийн үнэт цаасны форум (ASF)-ын 30 дахь ерөнхий чуулганыг зохион байгуулах эрхийг авсанд бид баяртай байна.
Чуулганы өдрүүдэд Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын холбоо, зохицуулагч байгууллагууд болон зах зээлийн тэргүүлэгчдийн төлөөлөл хуран цугласан энэхүү арга хэмжээнээс манай улсын аж ахуйн нэгж, компаниуд Азийн хөрөнгийн зах зээлд нэвтрэх, үнэт цаас гаргаж хөрөнгө босгох, давхар бүртгэл хийлгэх зэрэг шинэ гарцуудыг нээх боломжийг эрэлхийлж байна.
Түүнчлэн бид Азийн бүс нутгийн хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг судлах, олон улсын түншүүдтэй холбоо тогтоох, та бүхний туршлага, орчин үеийн чиг хандлагаас суралцах өргөн боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Мөн салбарын дүрэм журам, зохицуулалтыг олон улсын жишигт ойртуулах, улмаар хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх талаар харилцан туршлага солилцох нь зүйтэй гэсэн хүлээлттэй байгаагаа онцлон дуулгахыг хүслээ” гээд үргэлжлүүлэн Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн түүх болон дотоодын хөрөнгийн зах зээлийн зээлийн тойм мэдээллийг танилцууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ