"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Хяналт зохицуулалтын газар, Бүртгэлийн албанаас өнөөдөр (2025-10-03) биржийн гишүүн андеррайтерийн компаниудын төлөөллийг хүлээн авч Монголын хөрөнгийн биржийн шинэчилсэн журмуудыг таниулан сурталчлах, сургалт мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа.
Үйл ажиллагааг нээж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хэлсэн үгэндээ:
"Монголын хөрөнгийн биржийн үндсэн үйл ажиллагааг зохицуулдаг Үнэт цаасны бүртгэлийн журам болон Арилжааны журамд 2025 онд тодорхой өөрчлөлтүүд орсон. Мөн энэ 6 дугаар сард Хадгаламжийн сертификатыг бүртгэх журмыг шинээр баталж, дагаж мөрдөхөөр болсон.
Эдгээр журмуудын өөрчлөлт, шинэчлэлт, дагаж мөрдөхтэй холбоотой асуудлаар та бүхэнд мэдээлэл хүргэж, санал солилцохоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд 2024 онд нэмэлт, өөрчлөлт орсонтой уялдуулан Санхүүгийн зохицуулах хороо энэ оны 4 болон 6 дугаар саруудад Үнэт цаасны бүртгэлийн журам, Өрийн хэрэгслийн бүртгэлийн журамдаа өөрчлөлт оруулсан. Үүний дагуу бирж өөрийн дүрэм, журмыг тэдгээрт нийцүүлэх зорилгоор Үнэт цаасны бүртгэлийн журамд шинэчилсэн найруулга хийсэн бол, Арилжааны журамд зах зээлд оролцогчдыг, ялангуяа үнэт цаас гаргагчдыг бодитоор дэмжих зорилгоор шимтгэлийн хувь хэмжээг бууруулахтай холбоотой өөрчлөлтийг оруулаад байна. Бирж нь өөрийгөө зохицуулах байгууллагын хувьд гишүүдийнхээ оролцоонд тулгуурлан, харилцан ойлголцож, хамтдаа урагшлахыг чухал гэж үздэг. Тиймээс өнөөдрийн уулзалт зөвхөн мэдээлэл солилцохоос гадна бидний хамтын ажиллагаа улам өргөжиж, үр дүнтэй байх болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэллээ.
Тус арга хэмжээнд 20 андеррайтерийн компанийн 32 төлөөлөл оролцсон ба Бүртгэлийн албанаас дараах асуудлаар танилцуулга хийж, холбогдох асуултуудын хүрээнд тайлбар нэмэлт мэдээллийг хүргэж ажилласан юм.
Үүнд: Бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн М.Энхтуяа "Бүртгэлийн журам, шинэчлэлт, боломжууд" сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл хийсэн бол Бүртгэл хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшин "Хадгаламжийн сертификатыг бүртгэн, арилжих журам, боломжууд", "Арилжааны журамд орсон өөрчлөлт, боломжууд" сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Үйл ажиллагааны төгсгөлд дээрх сэдвүүдийн хүрээнд зарим асуудлуудыг тодруулах, асуулт хариулт өрнүүлэх, тулгарч буй зарим тодорхойгүй байдлыг хөндөн ярилцсан юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ