• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54551.01

( 72.84 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54551.01 72.84
MSE A Индекс 20896.37 73.42
MSE B Индекс 14318.59 -43.16

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

12-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-31 14:19:47

Энэ өдөр Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 13,853,759,108,489 төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Бирж нь 2023-2027 оны стратеги төлөвлөлтөд тусгагдсан зорилтуудын дагуу 2025 онд дараах онцлох ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

1. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

"Монголын хөрөнгийн бирж" ХК 2025 онд нийт 247 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 906.32 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 968.38 сая ширхэг үнэт цаас арилжлаа. 

Зах зээлийн үнэлгээ 2025.12.31-ний өдөр 13 их наяд 854 тэрбум төгрөг буюу 35 жилийн түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бол, Хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны арилжааны үнийн дүн 154 тэрбум төгрөг, ТОП-20 индекс 2025.12.30-ний өдөр 55,019.79 нэгж хүрсэн нь мөн түүхэн дээд үзүүлэлтүүд байлаа.

2. “ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХАНШ ДООД ҮНЭЭСЭЭ 77.8 ХУВИАР ӨСӨЖ ТҮҮХЭН ДЭЭД ӨСӨЛТИЙГ ҮЗҮҮЛЛЭЭ

2025 онд Уул уурхайн бүтээгдэхүүний нийт 1,053 удаагийн арилжааг зохион байгуулж, 619 удаагийн хэлцэл амжилттай хийгдсэнээр 27.79 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 7.35 их наяд төгрөгөөр арилжаалж, худалдагч компаниуд дуудлага арилжааны үнийн өсөлтөөс 371.79 тэрбум  төгрөгийн нэмэлт орлогыг нь олсон бөгөөд эдгээр арилжаа дундаас “Тавантолгой” ХК-ийн ½ барьцалдах нүүрсний арилжааны үнэ 77.8 хувиар өсөж түүхэн дээд өсөлтийг үзүүллээ.

Мөн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус оны хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаа хийгдсэн бөгөөд "Тавантолгой" ХК-ийн 160 багц буюу 1,024,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрсийг 400.6 тэрбум төгрөгөөр амжилттай арилжааллаа.

3. БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, НЭР ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР ЖУРМЫН ШИНЭЧЛЭЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ХИЙВ

“Монголын хөрөнгийн бирж” ХК 2025 онд 1 журмыг шинээр боловсруулж, 3 журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Үүнд: “Хадгаламжийн сертификатын бүртгэлийн журам” боловсруулж, “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Гишүүнчлэлийн журам” болон “Арилжааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан, дагаж мөрдөж эхэлсэн байна. Эдгээр журам, журмын нэмэлт өөрчлөлтүүдийн хүрээнд:

Ногоон, тогтвортой, нийгмийн бондын бүртгэлийн зохицуулалтыг Үнэт цаасны бүртгэлийн журамд тусгаж, Биржээр арилжигдах үнэт цаасны төрлийг нэмэгдүүлэх, үнэт цаас бүртгүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах, ТОП 100 ААН-ийн үнэт цаасыг хялбаршуулсан горимоор бүртгэх нөхцөлүүдийг тусгаж, олон улсын санхүүгийн байгууллагын бонд бүртгэх, Компанийн бондын анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлийн хувь хэмжээг 90 хувиар, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлийг 50 хувиар тус тус бууруулах өөрчлөлт оруулсан нь үнэт цас гаргагчдын зардлыг бууруулах бодит дэмжлэг боллоо.

“Хадгаламжийн сертификатыг бүртгэх журам”-ыг шинээр боловсруулж, баталснаар банкууд тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнийг МХБ-д бүртгүүлэн арилжих эрх зүйн орчин, нөхцөл бүрдээд байна.

4. ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ӨРСӨЛДӨӨНТ ЗАРЧМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨГӨӨЖИЙН ЖИШИГ МУРУЙ ТОГТЛОО

Монголын хөрөнгийн бирж нь нийт 150 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг бүртгэн, 19 удаагийн арилжааг өрсөлдөөнт зарчмаар амжилттай зохион байгуулсан бөгөөд олон нийтэд санал болгосон бөгөөд хөрөнгө оруулагчдаас 370.1 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн байна.

Эдгээрийн дотор түүхэн дэх хамгийн урт хугацаат буюу 7 жилийн хугацаатай ЗГДҮЦ-ыг бүртгэн, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн арилжаагаар нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7 жилийн хугацаатай ЗГДҮЦ-ыг амжилттай арилжааллаа. 

5. ҮНЭТ ЦААС ГАРГАГЧДЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТӨБЗГ, МҮХАҮТ, МҮЦАЭХ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

МХБ  нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг эрэмбэлэх ажлуудад мэргэжлийн зөвлөгөө, сургалт мэдээлэл өгч ажилласан бөгөөд төрийн эзэмшлийн хувь хэмжээг үе шаттайгаар бууруулж хувьцаагаа биржээр арилжаалах компаниудын жагсаалтыг ТӨБЗГ-аас Засгийн газрын хуралдаанаар танилцуулж УИХ өргөн бариад байна. 

Мөн ТОП100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд үнэт цаас гарган, нийтэд санал болгоход хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх зорилгоор 2025.04.17-нд “Бонд форум-2025” арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим” НҮТББ, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ны удирдлагуудтай дөрвөн талт “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан.

Түүнчлэн "IPO Mongolia 2025" арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимтай хамтран ТОП 100 ААН-үүдэд зориулж “Хөрөнгийн зах зээл ба ТОП100” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад зориулсан “Нээлттэй компанийн шинэ боломж ба журмын өөрчлөлтүүд” сэдэвт мэдээлэл солилцох уулзалт, зөвлөгөөнийг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран зохион байгууллаа.

6. НОГООН, ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ЗАРЧМЫГ НЭВТРҮҮЛЭХ, БАЙГАЛЬ ОРЧИН НИЙГЭМ ЗАСАГЛАЛЫН ТАЙЛАГНАЛЫГ САЙЖРУУЛЛАА

  • 2025.04 сард “Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ), тогтвортой байдлын тайлагнал” сэдэвт сургалтыг ОУСК, ТоС холбоотой хамтран зохион байгуулж, бүртгэлтэй 50 гаруй компаниудыг хамрууллаа.

  • 2025.11 сард бүртгэлтэй компаниудад зориулан СТОУС-ын Тогтвортой байдлын тайлагналын S1, S2 стандартыг нэвтрүүлэх талаарх онлайн сургалтыг НҮБ-ын Тогтвортой хөрөнгийн бирж санаачилга, НҮБХХ, ТоС холбоо зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж, 280 гаруй оролцогчдыг хамруулсан

  • Монголын хөрөнгийн биржид Байгаль орчин, Нийгэм, Засаглалын тайлан /ESG/ ирүүлсэн компанийн тоо 28-д хүрлээ.

7. “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 9000 ГАРУЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАВ  

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 47 төгрөгөөр тооцон, нийт 16,471,786,333.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилах шийдвэр гаргасан.

"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-аар дамжуулан татварын дараах 5,315,705,427.90 төгрөгийг 9,635 хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулж, компанийн 66% эзэмшигч Сангийн яам буюу улсын төсөвт 10,871,378,992.00 төгрөгийн ногдол ашгийг тус тус шилжүүллээ.

8. ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ДАТА ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ, BOND.MSE.MN ПЛАТФОРМЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Биржийн үндсэн дата төвийн шинэчлэлтийн ажлыг 2024 онд эхлүүлж TEIR II стандартад бүрэн нийцсэн, автоматжуулсан дата төвийг 2025 оноос үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж эхэллээ.

ЗГҮЦ-ны арилжааны bond.mse.mn платформыг нэвтрүүлж, 2025.04.16-ны өдрөөс 14 хоног тутамд цахим арилжааг амжилттай зохион байгуулж байна.​ Өрсөлдөөний үр дүнд хүүгийн дундаж түвшин бодлогын хүүгээс даруй 2 нэгж хувиар бага тогтож, улсын төсвийн зардлыг хэмнэж байна.

Дотоод системүүдийн нэмэлт сайжруулалтын хүрээнд:

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны COMEX системд тасралтгүй ажиллагаа, хүчин чадал, нууцлал, аюулгүй байдлын сайжруулалтуудыг хийхийн зэрэгцээ брокерын холболт, туршилт​, SXcoal дата мэдээллийг автоматжуулах, хэрэглэгчийн шаардлагад тулгуурласан бусад хөгжүүлэлтүүдийг хийлээ.

9. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГ СУРТАЛЧЛАХ, ХАРИЛЦАГЧДЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд биржийн удирдлага, төлөөллүүд энэ онд БНХАУ-д дараах арга хэмжээнүүдэд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, харилцагчдын тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхэд чиглэн ажиллалаа. Тухайлбал: 2025 оны 5 дугаар сард БНХАУ-ын коксжих нүүрс, коксын худалдан авалтын 12 дахь чуулга уулзалт, Олон улсын коксжих нүүрсний нэгдүгээр их чуулга уулзалтуудад оролцлоо.

Мөн оны 7 дугаар сард Далианы таваарын биржийн удирдлагуудыг МУ-д хүлээн авч, түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл нэвтрүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, зах зээлийг сурталчлах талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хэлэлцсэн.

Түүнчлэн 2025 оны 8 дугаар сард БНХАУ-ын нүүрс, кокс, гангийн аж үйлдвэрлэлийн 14 дэх удаагийн чуулга уулзалтад оролцож, уул уурхайн биржийн үйл ажиллагааг сурталчилж, 9 дүгээр сард “УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ-2025” арга хэмжээ, 10 дугаар сард БНХАУ-ын CHINA MINING CONFERENCE AND EXHIBITION 2025 чуулга уулзалтад оролцож, “Уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж авах нь” сэдвээр танилцуулга мэдээлэл тус тус хийлээ.

10. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ЗАХ ЗЭЭЛИЙГ ӨРГӨН ХҮРЭЭНД СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД 10,000 ГАРУЙ ИРГЭДИЙГ ХАМРУУЛЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2025 онд  “MSE hall” хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвийг нээн, Үнэт цаасны анхан шатны мэдлэг олгох 6 удаагийн танхимын сургалт зохион байгуулж, 150 гаруй иргэдийг хамруулсан бол тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэн, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон, Зангиа академийн платформуудаар дамжуулж олон нийтэд түгээх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2025 оны 04 дүгээр сард “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүлж, мөн оны 6 дугаар сараас “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” өдөрлөгийг Говийн бүс, Баруун, Төв, Зүүн бүсийн аймгуудад тус тус зохион байгуулж, нийт 10,000 гаруй иргэн, 30 гаруй ААН-үүдийг хамруулсан сургалт, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчлах, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулах чиглэлээр Лондонгийн хөрөнгийн биржид 130 гаруй хөрөнгө оруулагчдыг хамруулсан хөрөнгө оруулалтын форум, Тайвань болон Шанхайн хөрөнгийн бирж дээр зохион байгуулагдсан хурал, вебинаруудад оролцож, танилцуулга мэдээлэл хийлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ